
"Монгол Улсын хөгжлийн банк" ХХК-иас нийтэд санал болгон гаргах 60 сар хүртэл хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,000,000 ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэх асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
Хөгжлийн банкны 2026 оны бизнес төлөвлөгөөний хүрээнд 2.3 их наяд төгрөгийн санхүүжилт шинээр олгохоор төлөвлөснөөс 5 дугаар сарын 31-ний байдлаар 1.96 их наяд төгрөгийн дүн бүхий төслийн санхүүжилтийн судалгаа хийжээ. Зээлийн багцын 56 хувийг дэд бүтэц, 25 хувийг эрчим хүч, 10 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн, 6 хувийг зам, тээврийн салбарын зээл, 2 хувийг ногоон зээлийн санхүүжилт бүрдүүлж байгаа аж.
Бондоор татан төвлөрүүлэх 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дээрх төслүүдийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн талаарх танилцуулгыг тус банкны удирдлагууд хийсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн этгээдээр бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болон хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэх зэрэг нийт 8 асуудлыг шийдвэрлэжээ.
"Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам"-д заасан шаардлагыг хангасан нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрх олгож, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хувийн хөрөнгө оруулалтын санг байгуулах асуудлыг хэлэлцэн тус бүр нэг компанийн баримт бичгийг бүртгэн авсан байна.
Мөн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэжээ.