
Хэрэглээний үнийн улсын индекс долоодугаар сарын эцэст өмнөх сараас 0.9 хувиар өсч, жилийн инфляц 13 хувьд хүрлээ.
Ийнхүү хэрэглээний үнэ сүүлийн 12 сарын турш сар бүр 0.2–оос 2.8 хувиар нэмэгдсэнээр жилийн инфляц 2022 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд, мөн Монголбанкны 7 хувийн зорилтот түвшнээс зургаан нэгж хувиар өндөр түвшинд хүрэв.
Жилийн инфляцын 7 нэгж хувийг хүнс, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн бол тээврийн бүлэг 1.5 нэгж хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.9 нэгж хувь, боловсролын үйлчилгээ 0.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн оны мөн үед өндөр байсан орон сууц, ус, цахилгаан, түлш болон боловсролын үйлчилгээний нөлөө энэ удаа буурсан бол хүнсний барааны үнийн өсөлтийн жин 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Монголбанк 2026 онд инфляцыг жилийн дүнгээр 7 хувь орчимд тогтворжуулах зорилтын хүрээнд мөнгөний бодлого хэрэгжүүлж байна. Төв банк өмнөх хурлаараа махны нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц саарах хүлээлтэд үндэслэн бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм.
Харин инфляцын хүлээлтийн судалгаагаар иргэд гуравдугаар улирлын эцэст инфляц 12.1 хувьтай байна гэж тооцоолж, ирэх 12 сард одоогийн түвшнээс цааш өснө гэж хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: cnbc mongolia мэдээллийн сайт