Өндөр үнэтэй автомашины импортод 33 хувийн нэмэлт татвар ноогдуулах хууль хэрэгжиж эхэллээ

Өндөр үнэтэй автомашины импортод 33 хувийн нэмэлт татвар ноогдуулах хууль хэрэгжиж эхэллээ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Автомашины нийт үнэд бус 360 сая төгрөгөөс давсан бол Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан хэмжээн дээр нэмж 33 хувийн онцгой албан татвар ногдуулна. Тухайлбал: импортолсон суудлын автомашины гаалийн үнэ 500 сая төгрөг гэж үзвэл 360 сая төгрөгөөс давсан 140 сая төгрөгт онцгой албан татвар нэмж ногдуулах аж. Ингэснээр тухайн автомашинд 46.2 сая төгрөгийн татвар ногдох байдлаар тооцно гэж Гаалийн Ерөнхий Газар тайлбарлалаа.

Шинэ зохицуулалт өндөр үнэтэй автомашины импортын өртгийг эрс нэмэгдүүлэхээр байна. Өмнөх Засгийн газрын үед тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байв.

Онцгой албан татварын хуульд зааснаар суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан онцгой албан татвар ногдуулж байсан бөгөөд тухайн хуульд 2026 оны зургаадугаар сарын 26-нд нэмэлт оруулсан юм.

Харин цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй, мөн хийн түлшээр ажилладаг автомашинд хуульд заасны дагуу онцгой албан татварын хөнгөлөлтүүд үйлчилдэг хэвээр байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 52,225 суудлын автомашин 607.4 сая ам доллароор импортолсон нь сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болжээ. Зохицуулалтын орчинд оруулсан хэд хэдэн өөрчлөлт автомашины импорт буурахад нөлөөлж буй. Тухайлбал: 2024 оны хоёрдугаар сард нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар НИТХ-аас шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Bloomberg TV M мэдээллийн сайт