Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

Уншсан既読Read 8
ТүгээхShare共有する공유하기

Алтны ханш Азийн арилжааны үеэр анх удаа нэг унц нь 3,900 ам долларыг давж, түүхэнд дээд түвшнээ шинэчиллээ. Спот алтны ханш арилжааны эхээр 0,6%-аар өсч, 3,910.09 ам.долларт хүрсэн бол ирэх хагас жилийн нийлүүллэлттэй фьючерс гэрээ 0,7%-аар нэмэгдэн, 3,935 ам доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд алт үргэлжлэн аюулгүй, найдвартай хөрөнгө хэвээр буйг баталсан хэрэг гэж шинжээчид үзэж байна.

Алтын зах зээлийн огцом өсөлтөд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол АНУ-ын засгийн газрын хэсэгчилсэн зогсолтын магадлал нэмэгдсэн явдал байжээ. Улмаар хөрөнгө оруулагчид улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдлаас сэргийлж, үнэт металруу эргээд төвлөрсөн байна. Эдийн засгийн хямрал, төсвийн маргаан, төв банкны хүүтэй холбогдох хүлээлтийн тодорхой бус байдал бүгд нийлэн аюулгүй хөрөнгийн эрэлтийг огцом нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна, холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг бууруулж эхлэх таамаг нэмэгдэж, алтны ханшид нэмэлт хөшүүрэг болж байна. Одоогийн байдлаар инфляци хүлээлтээс доогуур байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийн өсөлт саарсан үзүүлэлтүүд цуварсаар байгаа нь тус банкны уян хатан бодлогоруу шилжих боломжийг нээв. Ингэснээр алт уналтын үеийн хамгаалалт төдийгүй, мөнгөний зөөлөн бодлогын үед ч үнэ цэн нь нэмэгдэх хөрөнгө хэвээр үлдэж байна. Эдийн засгийн болон геополитикийн дарамтаас шалтгаалан түүхий эд, тэр дундаа үнэт металлын үнэ өсөх хандлага нийт зах зээлд ажиглагдаж эхэлжээ. Thomson Reuters-ийн зах зээлийн шинжээч Бриеж Пател эдгээр нөхцөлд алт дахин гэрэлтэж эхэлсэн гэж онцолсон бол түүнтэй санал нийлсэн Срираж Каллувила алтны ирээдүйд өсөх орон зай үлдсэнийг тэмдэглэжээ. Улмаар алтны үнэ 2025 оны туршид дээш чиглэх төлөвтэй хэмээн дүгнэв.

Гэвч эдгээр өсөлтийн эсрэг чиглэсэн зарим эрсдэл ч мөн хадгалагдсаар байгаа юм. Хэрэв АНУ-ын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, Холбооны нөөцийн банк хүүгээ бууруулахгүй гэсэн дохио өгвөл алтны үнэ коррекц хийх хөдөлгөөн үзүүлж болзошгүй. Гэсэн ч одоогийн нөхцөл байдалд ийм эрсдэлийг хөрөнгө оруулагчид түр зуурын шинжтэй гэж харж байгаа бололтой.

Дүгнэж хэлэхэд алтны зах зээл эргэн сэргэж, дахин анхаарал татах цэг дээр ирээд байна. Түүхэн дээд үнэтэй зэрэгцэн, зах зээлийн тогтворгүй нөхцөлд хамгаалалтын хөрөнгө хэмээгддэг алтны эрэлт эрчээ алдсангүй. Ирэх саруудад төв банкуудын шийдвэр, эдийн засгийн  гэнэтийн үзүүлэлтүүд дэлхийн алтны ханшийг хөтөлсөөр байх нь гарцаагүй болоод байна.