
АНУ-ын санхүүгийн “JPMorgan Chase & Co.” банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон технологийн томоохон компаниудын хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулалтын давалгаа цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Тэрбээр CNBC-TV18 сувагт ярилцлага өгөхдөө уг хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд нэмэртэй боловч инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг онцложээ.
Даймоны тооцоолсноор их хэмжээний тооцоолох хүчин чадал, дата төвийн дэд бүтэц ажиллуулдаг технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалт энэ онд 700 тэрбум ам.доллар орчим байгаа бол ирэх жил 1 их наяд ам.долларт хүрч болзошгүй юм. Тэрбээр ийм хэмжээний зардлыг АНУ-ын ДНБ-ий жил тутмын 1 орчим хувьтай дүйх нэмэлт хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлжээ.
Хиймэл оюуны технологийг Даймон “итгэмээргүй технологи” хэмээн тодорхойлсон ч аль компани урт хугацаанд хамгийн их үр өгөөж хүртэхийг одооноос тогтооход хүндрэлтэй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ тэрбээр 1990-ээд оны сүүлчийн интернетийн өсөлтийн үеийг жишээ болгон дурдаж, технологийн томоохон өөрчлөлт бодит үнэ цэн бүтээдэг ч хөрөнгө оруулсан компани бүр амжилтад хүрдэггүйг сануулжээ.
Хиймэл оюуны хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийн идэвхжил, бүтээмжид эерэг нөлөөтэй байж болох ч инфляцыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж болзошгүй гэж Даймон үзэж байна.
Хэрэв инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах нь бодлогын хүүг бууруулах хүлээлтэд нөлөөлж, технологийн компаниудын үнэлгээ болон бусад эрсдэлтэй активын ханшийн хэлбэлзлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Даймон мөн хиймэл оюуны хөрөнгө оруулалтын өсөлт үргэлжлэх төлөвтэй ч зах зээлд засвар хөдөлгөөн гарах эрсдэл байгааг дурджээ.
Даймон худалдаа, хиймэл оюун болон аюулгүй байдлын асуудлаар АНУ, Хятад бүрэн хэмжээний хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзэж буйгаа мөн илэрхийлэв. Түүний хэлснээр хоёр улсын харилцаа зөвхөн АНУ-д бус, бусад ардчилсан эдийн засгуудад ч чухал ач холбогдолтой аж.
Түүнчлэн АНУ, Энэтхэгийн худалдааны хэлэлцээ хангалттай урагшлахгүй байгааг дурдаж, асуудлыг удаан хугацаагаар хойшлуулахгүй байхыг уриалжээ. Энэтхэг болон дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлөх шийтгэлийн арга хэмжээнээс зайлсхийх хэрэгтэй гэж Даймон үзсэн байна.
“JPMorgan Chase” Энэтхэгийн зах зээл дэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг тэрбээр мөн онцложээ.
Эх сурвалж: cnbc mongolia мэдээллийн сайт